Баяр амралтын өдрүүдэд усны эргүүл шалгалтыг зохион байгуулж ажиллаа

        Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  баяр амралтын өдрүүдэд буюу  6 дугаар сарын 1-4-ны өдрүүдэд Туул голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх  зорилгоор  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бэлтгэл ээлжийн 20 албан хаагч 3 автомашинтайгаар усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт  эргүүл шалгалтыг 09-22  цагийн хооронд  байгууллаа.

          Эргүүл шалгалтын явцад  голын усанд суусан 6 автомашинтай 30 иргэнийг аварч, төөрсөн нэг хүүхэд, усанд осолдож байсан  2 хүүхдийг аварч  гэр бүлд нь хүлээлгэн өгсөн.  Мөн 580 иргэнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тараах материалыг хүргүүлж ажиллаа.

        Баянзүрх дүүргийн  хэмжээнд өнгөрсөн баяр амралтын өдрүүдэд 1 хүүхэд  голын усанд осолдсоныг Нийслэлийн  аврах бүлэг  эрэн олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын ай сав газарт иргэд зугаалж, салхилах нь ихэссэн. Энэ үед голд осолдох, архидан согтуурч амиа алдах, хараа хяналтгүй бага насны хүүхэд усанд осолдох эрсдэлд ихтэй байгаа тул үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 10-ны хүртэл амралтын өдрүүдэд усны эргүүл шалгалтыг зохион байгуулна.

        Ингэснээр иргэдэд сэрэмжлүүлэг өгч, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж буй юм.  Энэ жилийн хувьд голын усанд осолдож, амиа алдах дөхсөн тохиолдол цөөнгүй гарсаар байна. Цаашдаа халуун өдрүүд үргэлжилнэ. Тиймээс  иргэд голын ойр орчимд амарч, зугаалахдаа бага насны хүүхдэд хараа хяналтаа тавих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*